Saturday, September 19, 2015

ажлынхаа энэ хэсэгт л би хамгийн дуртай

Чингэлтэй дүүргийн 7-12-р хороо. Энэ бол бидний мэдэх Улаанбаатар хотын гэр хороолол шигүү төвлөрсөн, өвөлдөө утаа, халтиргаа гулгаатай, архидал ядуурал ихтэй, иргэдийн өвчлөл буурдаггүй тийм л хэсгүүдийн нэг... Энэ л хэсэгт миний хийж буй ажлын үр дүн чиглэдэг байлаа. Нийт 55270 иргэнтэй 6 хороог хариуцсан эрүүл мэндийн төслийн зохицуулагчаар 1.5 жил ажилласан туршлагаа эргээд нэг харахад дөнгөж оюутны ширээнээс мултарсан надад хүндрэл бэрхшээл олон тулгарч байсан хэдий ч бас тэрхүү алдаа онооноосоо сурсан зүйлс бүр их байгаа мэт санагддаг.Үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд яам газрын дарга нар, дүүргийн эмнэлэгийнхэн, өрхийн эмнэлэг, төрийн бус байгууллагуудаас эхлээд бүр тусламж гуйж ирсэн эмээ, хөтөлбөрт хамрагддаг жаахан хүүхдүүд, архи уудаг ахтай хүртэл харилцах, тэдэнтэй хамтарч ажиллах шаардлага гарна. Заримдаа иргэдэд өөрөө сургалт өгөх ч шаардлага гардаг нь энгийн үзэгдэл. Миний ажлын гол зорилго бол зорилтод хороодын бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах, иргэдэд ус орчны эрүүл ахуйн зөв дадал хандлагыг эзэмшүүлэх. Энэхүү урт хугацааны үйл ажиллагааны эцэст үр дүн нь харагдах ерөнхий хэдэн зорилгын дор эдгээр зорилгоруугаа чиглэсэн зуу зуун нарийвчилсан үйл ажиллагаагаар миний ажил явагддаг. Гэхдээ ямар ч үйл ажиллагаа хийсэн Монголчуудын суурь зан болчихоод байгаа бэлэнчлэх сэтгэлгээг дэмжих биш тэднийг өөрөө өөрийнхөө төлөө үйлдэл хийдэг болгоход чиглэсэн иргэдийн оролцоонд суурилсан үйл ажиллагаа л хамгийн чухал санагддаг. Гэхдээ зангиа зүүсэн бүдүүн хүзүүтэй ах, дэгжин хувцасласан эгч нар төслийн мөнгөөр өөрт ашиглтай шийд гаргуулахын тулд тархи угаалтыг бол утгаар нь хийхийг оролдно. Гэвч амжилтыг үл олно гэж байгаа. Өглөө гэрээсээ эртлэн гарахаасаа өмнө өдөр хийх нүүр дүүрэн ажлын жагсаалтаа бичнэ. Автобусанд дуртай номоо уншиж явсаар нэг мэдэхэд л ажлын гадаа ирснээр миний нэгэн завгүй өдөр эхэлнэ.
Үйл ажиллагаа бус үр дүн л хамгийн чухал. Хэдийгээр маш олон зүйлд салгардахаар завгүй өдрийг өнгөрөөдөг ч эцийн дүндээ хийсэн бүх шийдвэр, үйлдэл, үйл ажиллагаа минь бүхэл бүтэн нэгэн дүүргийн хамгийн эмзэг, ялангуяа нийгмийн халамжаас гадуур үлдэх хандлагатай ядуу, нэн ядуу иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд чиглэж байдаг учраас нэг ч болсон үйл ажиллагаагааг оромдолгүйгээр үр дүнтэй хийхийг хичээдэг, бас урам, эрч хүчийг тэндээсээ авдаг. Нас залуу жаахан хүүхэд энэ юугаа мэддэг юм гэж хийж байгаа ажил, хэлж байгаа үгийг минь басах нэгэн байхад залуу шижигнэсэн сайхан хүүхэд байна, бүр илүү ихийг хийгээрэй гэж урамшуулах нэгэн ч байна. Надад цаашид сурах зүйлс маш их байгааг өдөр бүр мэдэрдэг.Өөрчлөлтийг өөрөөсөө л хийх хэрэгтэй. Би өөрөө мэдлэгтэй, мэдээлэлтэй байж аливаа зүйлсийг харах хүрээгээ томсгож чадвал төсөл маань улам амжиллтай хэрэгжиж олон хүмүүс үр дүнг нь хүртэж, хэдийгээр нийтийг хамарч чадахгүй ч гэсэн нийгмийн багахан хэсэгт бодит өөрчлөлтийг авчирна.. Харин эцэст нь хэн нэгэн надаас чи ажлынхаа юунд хамгийн дуртай вэ гэж асуувал би хийж буй ажил бүр маань хэн нэгэн даргын халаасыг зузаалах биш нийгмийн сайн сайхан байдалд чиглэж байдагт, миний ажлын үр дүн жирийн нэгэн айлд аз жаргал инээмсэглэл авчирч байдгааг харах, мэдрэх хамгийн дуртай хэмээн би ам бардам хариулна.

Around Japan /Taken by me/