1.1.1 Чөлөөт худалдааны хэлэлцээр гэж юу вэ?
Орчин үеийн даяаршилын эринд улс орнуудын эдийн засаг улам бүр харилцан хамааралтай,нэгдмэл болохын хамт харилцан бие биенээ нөхөх чиглэлээр хөгжиж байна.Энэ нөхцөлд олон улсын худалдаа,эдийн засгийн хамтын ажиллагаанаас үндэсний ашиг эдийн засаг, иргэдийнх нь амьдралд үзүүлэх нөлөө, ач холбогдол жил ирэх тусам улам өссөөр байна.[1]
Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг нь улс орнууд хоорондоо зах зээлийн нэн тааламжтай нөхцлийн доор худалдаа явуулах зөвшөөрөл олгохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл чөлөөт худалдааны хэлэлцээр нь худалдааны хөрш улс орнууд хоорондын тарифын түвшингээ бууруулах, квот болон бусад бараа үйлчилгээ дэхь хориг саадийг багасгах зэрэг худалдааны гэрээ хийх хэлбэрийг хэлнэ. Ямарваа Чөлөөт Худалдааны Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд өөр хоорондын худалдаан дах гаалийн тарифыг “тэглэж”, тарифын бус хориг саадуудыг байж болох хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах үүрэг амлалтыг харилцан хүлээдэг.
Чөлөөт худалдааны хэлэлцээр хийхийн гол зорилго нь эдийн засгийн болон институцийн хориг саадыг багасгаснаар хоёр орны хоорондын худалдааг өсгөх юм. Чөлөөт худалдааны хэлэлцээр нь нэг талаас гишүүн орнуудын хувьд аливаа саадын багасгаж байгаа ч нөгөө талаас гишүүн бус орны хувьд шинэ саад тотгорыг бий болгож байдаг тул ДХБ зарчмын хувьд буруутгаж байсан. Гэсэн хэдий ч худалдааны бүлэглэлийн гишүүн орнуудын зүгээс хүчтэй шаардлага тавьсанаар зөвшөөрсөн. Түүнчлэн ДХБ-ын гишүүн орнуудын Сайд нарын 2001 онд Дохад болсон бага хурлаас гаргасан Тунхаглалд “ Бүс нутгийн худалдааны хэлэлцээрүүд нь худалдааг чөлөөлөх, түүнийг өргөжүүлэхэд болон хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа”-г хүлээн зөвшөөрсөн байна.Бүс нутгийн худалдааны хэлэлцээрт нэгдэх нь худалдааг либералчилж байгаа нэг хэлбэр бөгөөд шинээр харьцангуй давуу тал олох, нээх бололцоог хөгжиж буй орнуудад олгож байгаа юм.Хэдий чинээ давуу тал илэрнэ төдий чинээ газар зүйн байршил, далайд гарцгүй зэрэг байгалийн хязгаарлагч хүчин зүйлсийн сөрөг нөлөө буурах юм гэж үзсэн байдаг.
1.1.2 Яагаад ЧХХ хийдэг вэ?
Чөлөөт худалдааны хэлэлцээр хийх нь маш олон давуу талтай. Жижиг эдийн засгууд бүс нутгийн болон олон улсын интеграцид нэгдснээр өөрийн хараат болон эмзэг байдлыг бууруулдаг. Үүний үр дүнд зах зээлийн хэмжээ тэлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өөртөө хэрэгтэй зүйлсийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах бололцоотой болно. Мөн бүс нутгийн хамтын ажиллагаа нь тээврийн зардлыг хэмнэж, хөрөнгө оруулалтын эрсдлийг багасгаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө.
<!--more-->