Saturday, September 19, 2015

ажлынхаа энэ хэсэгт л би хамгийн дуртай

Чингэлтэй дүүргийн 7-12-р хороо. Энэ бол бидний мэдэх Улаанбаатар хотын гэр хороолол шигүү төвлөрсөн, өвөлдөө утаа, халтиргаа гулгаатай, архидал ядуурал ихтэй, иргэдийн өвчлөл буурдаггүй тийм л хэсгүүдийн нэг... Энэ л хэсэгт миний хийж буй ажлын үр дүн чиглэдэг байлаа. Нийт 55270 иргэнтэй 6 хороог хариуцсан эрүүл мэндийн төслийн зохицуулагчаар 1.5 жил ажилласан туршлагаа эргээд нэг харахад дөнгөж оюутны ширээнээс мултарсан надад хүндрэл бэрхшээл олон тулгарч байсан хэдий ч бас тэрхүү алдаа онооноосоо сурсан зүйлс бүр их байгаа мэт санагддаг.Үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд яам газрын дарга нар, дүүргийн эмнэлэгийнхэн, өрхийн эмнэлэг, төрийн бус байгууллагуудаас эхлээд бүр тусламж гуйж ирсэн эмээ, хөтөлбөрт хамрагддаг жаахан хүүхдүүд, архи уудаг ахтай хүртэл харилцах, тэдэнтэй хамтарч ажиллах шаардлага гарна. Заримдаа иргэдэд өөрөө сургалт өгөх ч шаардлага гардаг нь энгийн үзэгдэл. Миний ажлын гол зорилго бол зорилтод хороодын бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах, иргэдэд ус орчны эрүүл ахуйн зөв дадал хандлагыг эзэмшүүлэх. Энэхүү урт хугацааны үйл ажиллагааны эцэст үр дүн нь харагдах ерөнхий хэдэн зорилгын дор эдгээр зорилгоруугаа чиглэсэн зуу зуун нарийвчилсан үйл ажиллагаагаар миний ажил явагддаг. Гэхдээ ямар ч үйл ажиллагаа хийсэн Монголчуудын суурь зан болчихоод байгаа бэлэнчлэх сэтгэлгээг дэмжих биш тэднийг өөрөө өөрийнхөө төлөө үйлдэл хийдэг болгоход чиглэсэн иргэдийн оролцоонд суурилсан үйл ажиллагаа л хамгийн чухал санагддаг. Гэхдээ зангиа зүүсэн бүдүүн хүзүүтэй ах, дэгжин хувцасласан эгч нар төслийн мөнгөөр өөрт ашиглтай шийд гаргуулахын тулд тархи угаалтыг бол утгаар нь хийхийг оролдно. Гэвч амжилтыг үл олно гэж байгаа. Өглөө гэрээсээ эртлэн гарахаасаа өмнө өдөр хийх нүүр дүүрэн ажлын жагсаалтаа бичнэ. Автобусанд дуртай номоо уншиж явсаар нэг мэдэхэд л ажлын гадаа ирснээр миний нэгэн завгүй өдөр эхэлнэ.
Үйл ажиллагаа бус үр дүн л хамгийн чухал. Хэдийгээр маш олон зүйлд салгардахаар завгүй өдрийг өнгөрөөдөг ч эцийн дүндээ хийсэн бүх шийдвэр, үйлдэл, үйл ажиллагаа минь бүхэл бүтэн нэгэн дүүргийн хамгийн эмзэг, ялангуяа нийгмийн халамжаас гадуур үлдэх хандлагатай ядуу, нэн ядуу иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд чиглэж байдаг учраас нэг ч болсон үйл ажиллагаагааг оромдолгүйгээр үр дүнтэй хийхийг хичээдэг, бас урам, эрч хүчийг тэндээсээ авдаг. Нас залуу жаахан хүүхэд энэ юугаа мэддэг юм гэж хийж байгаа ажил, хэлж байгаа үгийг минь басах нэгэн байхад залуу шижигнэсэн сайхан хүүхэд байна, бүр илүү ихийг хийгээрэй гэж урамшуулах нэгэн ч байна. Надад цаашид сурах зүйлс маш их байгааг өдөр бүр мэдэрдэг.Өөрчлөлтийг өөрөөсөө л хийх хэрэгтэй. Би өөрөө мэдлэгтэй, мэдээлэлтэй байж аливаа зүйлсийг харах хүрээгээ томсгож чадвал төсөл маань улам амжиллтай хэрэгжиж олон хүмүүс үр дүнг нь хүртэж, хэдийгээр нийтийг хамарч чадахгүй ч гэсэн нийгмийн багахан хэсэгт бодит өөрчлөлтийг авчирна.. Харин эцэст нь хэн нэгэн надаас чи ажлынхаа юунд хамгийн дуртай вэ гэж асуувал би хийж буй ажил бүр маань хэн нэгэн даргын халаасыг зузаалах биш нийгмийн сайн сайхан байдалд чиглэж байдагт, миний ажлын үр дүн жирийн нэгэн айлд аз жаргал инээмсэглэл авчирч байдгааг харах, мэдрэх хамгийн дуртай хэмээн би ам бардам хариулна.

Monday, April 27, 2015

Эрт урьдын цагт....



Урьд шөнө би зүүдэллээ. Урьд шөнө би таныг зүүдэллээ. Яг л урьдынхаараа бүх зүйлс.

Эрт урьдын цагт энэ хорвоогийн хамгийн азтай охин байж гэнэ. Учир нь тэр энэ хорвоогийн хамгийн ухаантай өвөөтэй юмсанж гээд л миний үлгэр эхэлдэг.  Хэдийгээр тэр өвөө охиндоо маш олон зүйлийг ойлгуулж амсан хэдий ч охин өвөөтэйгээ үүрд хамт байх юм шиг сэтгэж өвөөдөө эрхэлж, наадсаар ихэнх цагаа дэмий үржээ. Харин нэг л өдөр бурхан ухаантай хүмүүсээр дутсан тул тэнгэрийн орон луу өвөөг нь аваад явж гэнэ. Харин өвөө нь явахаа эртнээс мэдэж байсан тул их олон зүйлийг дараа нь ойлгохоор үлдээгээд явж гэнэ. 
Та миний мэдэх жинхэнэ Монгол эр хүний жишээ. Би Монгол эр хүний ухааныг таниар л төсөөлж, таньтай л зүйрлэдэг.  Би сайн ханийг бас таниар л төсөөлдөг. Та бас миний мэдэх хамгийн сайн аав, бас өвөө.

Та бидэндээ амьд бурхан өмөг түшиг байжээ. Гэхдээ би энэ хорвоогийн хамгийн азтай хүн. Тань шиг өвөөтэй.

Тэр их сургааль, ухаан, хүмүүжил, хайран дунд өссөн үрс бид чинь алзахгүй ээ.
 Охин чинь таны үргэлжлэл байх болно. Амлаж ярьдаг байсан бүхнээ биелүүлэх болно.
Үлгэр үргэлж жаргалтай төгсдөг. Тэр үлгэрийг охин нь түүнээс ч жаргалтайгаар төгсгөх болно оо. 

Хайрт Өвөөдөө

2015.04.28

Saturday, April 25, 2015

АТЛАНТЫН ДАЛАЙГ ЭРГЭН ДУРСАХУЙ

2010 ОН, АТЛАНТЫН ДАЛАЙН ЭРЭГ /ATLANTIC CITY, NJ, USA/


2010 онд анх удаа далай гээч тэр их усыг Монгол хэмээх хаданд хавчуулагдсан халиуны зулзага орны охин би харж байсан юм байна. Цаана нь юу байгаа нь үл мэдэгдэх нээх их сааралтсан ус. Хүний сэтгэлийг их гунигтай болгодог санагдсан. Эсвэл би гэрээ санасан ч юм уу хэхэ тэр үед л далай ер нь нээх хүсээд байх зүйл биш л юм байна гэж бодож билээ. Өнөөдөр их халуун өдөр байсан болоод ч юм уу энэхүү далайн эргийг санасан шүү.  Тухайн үед тухайн зуны хамгийн халуун өдөр /105 Fahrenheit 40  градус орчим/ болж халаад... Хүйтэн орны хүйтэн хэсгээс ирсэн надад их л хэцүү байсан даа хөөрхий хамаг хөлс урсаад, муухай царайлаад. Тэр өдөр л энэ далайн  сайхныг мэдэрсэн юм байна шүү.Өдөржин эрэг дээр нь хэвтсэн санагдаж байна. 


АЯЛАГЧ ОХИНТОЙ БИТГИЙ БОЛЗООРОЙ.

Дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагдсан энэхүү нийтлэлийг нилээн хэдэн жилийн өмнө оюутан байхдаа Монгол хэлнээ өөрийнхөөрөө орчуулан албан ёсны сайт дээр нь нийтлүүлж байсан юм. Энэ орчуулгаа орууллаа. http://lovethesearch.com/translations/
Аялагч охинтой битгий болзоорой.  Тэрээр хайш яаш болсон наранд гандсан үстэй. Түүний арьс урьдын байсан шигээ цайвар цагаан болохгүй. Түүний биен дээр хаа сайгүй шавжинд хазуулж наранд түлэгдсэн сорви. Гэхдээ түүний арьсан дээрх сорви бүхэн сонирхолтой түүхийг өгүүлж чадна.  
Аялагч охинтой битгий болзоорой.  Түүнийг баярлуулах тийм ч амар биш. 
Улиг болсон оройн хоол-кино түүнд тийм ч сонин биш. Тэрээр шинэ зүйлс адал явдал хайн тогтож ядан байна. Түүнд чиний шинэ машин, үнэтэй бугуйн цаг ердөөсөө сонин биш. Харин тэр чиний энэ сайрхалыг сонсож суухаас илүүтэй ууланд авирах, онгоцноос үсрэхийг илүүд үзнэ.
Онгоцны хямдралтай суудал гарах бүрд чамайг захиалья хэмээн залхаах тэр нэгэн аялагч охинтой битгий болзоорой. Тэр 7 хоног шоудахийн оронд өөр хаа нэгэн илүү сонирхолтой газарт 7 хоногийг өнгөрөөх боломжтой гэдгийг мэддэг учраас магадгүй Рэпабликт үдэшлэг хийхгүй бас Авсчийд 100$ төлөхгүй ч байж мэднэ.
Түүнд тогтвортой ажил хэзээ ч зохихгүй. Эсвэл тэр аль хэдийн ажлаасаа гарах тухай мөрөөдөөд, төлөвлөөд эхэлчихсэн байгаа. Тэр хэзээ ч хэн нэгний мөрөөдлөөр өөрийн амьдралыг золиослохгүй. Тэр өөрийн гэсэн мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө л ажилладаг. Тэр бол чөлөөт ажилчин. Тэр дизайн гаргах, зохиол бичих, зураг авах аль эсвэл ямар нэгэн бүтээлч сэтгэлгээт ажил хийж мөнгө олдог. Өөрийн уйтгартай ажлынхаа тухай гомдоллож түүний цагийг үрэх хэрэггүй.
Аялагч охинтой битгий болзоорой. Тэр их сургуулийн зэргээ ч баллаж, эзэмшсэн мэргэжлээрээ хэзээ ч ажиллахгүй байж мэдэх нэгэн.Тэр магадгүй одоо усанд шумбалтын дасгалжуулагч эсвэл иогийн багш хийж байгаа. Түүний дараагийн төлбөрийн хуудас хэзээ ирэхийг тэр мэдэхгүй.   Гэхдээ тэр робот шиг бүхэл өдөржин ажилладаггүй. Тэрээр амьдрал түүнд ямар боломж олгоно түүнийг л шүүрч авдаг бас чамайг тийм л байхыг уриална.
Тодорхойгүй амьдралын хэв маягтай амьдралыг сонгосон аялагч охинтой битгий болзоорой. Түүнд байнгын төлөвлөгөө эсвэл тогтмол гэрийн хаяг гэж байхгүй. Тэр өөрийн хүсэл, зөвхөн өөрийн зүрх сэтгэлээ л дагадаг. Тэр өөрийнхөө хэмнэлийг л даган бүждэг. Тэр цаг зүүдэггүй. Түүний өдрүүд нар, сараар хэмжигддэг. Давалгаад түүнийг дуудахад амьдрал зогсож, тэр өөр бусад бүхнийг умартдаг. Гэвч тэр усан дээгүүр гулган зугаацах нь амьдарлын хамгийн чухал зүйл биш гэдгийг мэдэхгүй биш мэддэг.
Өөрийн бодол санаагаа нээлттэй илэрхийлчихдэг аялагч охинтой битгий болзоорой. Тэр хэзээ ч аав ээж, найз нөхдөд чинь таалагдахын тулд жүжиглэхгүй. Тэр хүндлэл гэж юу болохыг сайн мэддэг, гэхдээ дэлхий дахины асуудлууд, нийгмийн хариуцлагын тухай мэтгэлцэхээс хэзээ ч айхгүй.

Тэр чамгүйгээр хэзээ ч хэн ч биш болохгүй. Тэр чиний туслалцаагүйгээр ч майхнаа яаж барих, эрэг боолт яаж боохыг мэддэг. Тэр хоол сайн хийж чаддаг бас чамаар хоолны мөнгөө төлүүлэх шаардлага байдаггүй. Тэр дэндүү биеэ даасан болохоор чиний түүнтэй аялах эсэх түүнд сонин биш. Тэр аялалын цэгтээ ирээд чамайг түүнтэй хамт байхгүй байна гэж санагалзаж гуниглахгүй. Тэр өөрийнхөө ертөнцөд маш завгүй амьдарч байна. Тэр танихгүй хүмүүстэй яриа өрнүүлдэг. Тэр өөрийнх нь сонирхол, хүсэл мөрөөдлийг хуваалцах бүх дэлхийн эргэн тойрноос хамгийн сонирхолтой олон олон хүнтэй уулзах болно.Магадгүй чамтай байвал тэр уйдна.
Тиймээс түүнтэй эн зэрэгцэж, түүний амьдралын нэгэн хэсэг нь байж чадахгүй бол аялагч охинтой хэзээ ч битгий болзоорой! Хэрэв чи эдгээрийг мэдэлгүй аялагч охинд дурласан бол түүнийг битгий аргамжаарай! Түүнийг зүгээр л явуулаарай.
Орчуулсан: МЭНДБАЯР Лхаасүрэн

Around Japan /Taken by me/