Monday, April 3, 2017

Жуулчдад ээлтэй Као Сан гудамж /Тайландын аялал/

Тайландын аялалаа эхлэхээс өмнө аль хэсэгт нь байрлавал илүү тохиромжтой вэ хэмээн нилээдгүй эрэл хайгуулыг “гүүгл ах”-ын тусламжтайгаар хийсний эцэст Sukhumvit, Siam , China town, Riverside, Silom Kao San гэсэн хэсгүүдээс Као Сан гудамж дээр тогтлоо. Сонголт маань зөв байлаа. Жуулчид ялангуяа үүргэвчтэй аялагчид их ирдэг болохоор анх ирж байгаа хүмүүст будилах зүйл ерөөсөө гарахгүй ба жуулчдад зориулсан бүх үйлчилгээ нэг дороо төвлөрсөн гэхэд болно. Мөн тийм ч үнэтэй биш. Онгоцны буудал дээрээс шууд Као Санруу хүний 100 Бахт /3$ орчим/ гээд жижиг тэрэгнүүд явдаг юм билээ. Suvarnabhumi онгоцны буудлын 1 давхарт тус үйлчилгээ байсан санагдаж байна.

Као Сан нь метроны шугамтай холбогдоогүй учир метрогоор 6, 7 буудал явж буугаад ахиж автобусаар дамжиж очих боломжтой. Аль эсвэл 2-3 автобус дамжиж очих боломжтой харагдаж байсан болохоор шууд л энэ үйлчилгээг авсан. Илүү амар санагдсан. Нийт 10 орчим хүн нэг машинаар явдаг юм билээ. Уг хэсэг нь нилээд эрт Банкок хотын төв хэсэг нь байсан гэсэн.

Као Санг сонгосон нэг шалтгаан нь жуулчдын ихээр очдог Grand Palace, Wat Arun, Wat Phra Kaew-руу алхаад очих боломжтой байсан юм. Гэвч зорьж очсон газар маань үнэхээр сэтгэлд хүрсэнгүй. Жишээ нь Grand Palace гэхэд жуулчдаар дүүрэн, баахан хүмүүс дунд урсгал дагаж явсаар гарч ирсэн. Тайландын эртний хаадын үе дамжин амьдарч ирсэн ордон нь их гоёмсог тансаг харагдаж байсан ч нээх сонирхолтой зүйл байсангүй. Ядаж байтал үзэх зүйлсийн бараг хагас хэсгийг нь гадны жуулчдад үзүүлдэггүй болгосон байсан учраас гаднаас нь хараад л өнгөрсөн.

Харин санаандгүй хийсэн сонголтууд маань бидэнд сонирхолтой байлаа. Уг гудамжинд 1,2,3 өдрийн аялалын багцуудаар үйлчилдэг жуулчны газарууд нилээдгүй байрладаг юм билээ. Тухайн аялалаас хамаараад дундажаар 1000-4000 Бахт. Мөн энэ гудманд Лаос, Комбож, Энэтхэг, Вьетнам зэрэг хэд хэдэн орнуудруу аялуулдаг аялалын багцууд ихэнх аялал жуулчлалын үйлчилгээ явуулдаг газруудад нь байсан. Ямартаа ч энэ гудамжнаас жуулчдад хэрэгцээт мэдээллүүдийг хангалтттай авах боломжтой. 3 өдрийг Као Санд байрлахдаа ойр орчим газрууд болон ирэхээсээ өмнө байрлахаар эргэлзэж байсан хотын бусад гол гол хэсгүүдийг автобус болон завиар /яг буудал буудал дээрээ зогсоод хүнээ буулгаад, суулгаад явдаг үйлчилээ/ яваад үзсэн. Завин үйлчилгээ миний л хувьд үнэхээр 10-с 10 оноо өгөхөөр үйлчилгээ санагдсан. Халуун оронд тун тохиромжтой үйлчилгээ байсан.
China Town- сонирхох зүйлс бага, жаахан заваан /магадгүй надад л тэгж санагдсан байх/, төв хэсгийн Central World, Siam Paragon, MBK зэрэг mall-ууд болон тэр орчимоор үзэж харах зүйл ихтэй цагийг сонирхолтой өнгөрөөж болохоор санагдсан.
Ерөнхийдөө Као Сан нь гадны жуулчдаар дүүрэн, дуу чимээ ихтэй, оройдоо шөнийн цэнгээний газрууд нь хүнээр дүүрч, битүү холхилдсон хүмүүс болдог. Худалдаа наймааны хэсэгт хүмүүс нь үнээ маш ихээр нэмж хэлдэг нь ажиглагдсан. Хэлж байгаа үнээс нь 30-50% доогуур хэлээд авч болохоор юм билээ. Буудлаа сонгохдоо яг Као Сан гудамж дээр буудаллаад дэмий санагдсан.

Дуу чимээ ихтэй учир байсан учраас миний хувьд сайн амарч чадахгүй маш их стрессдсэн. Као Сан гудамнаас 500-с 800 метрт сонгоход болохоор байсан юм билээ. Яг гудамж дотроо бол худалдаа наймааны хэдэн эгнээнүүд, төрөл бүрийн хоолны газрууд, буудал, guesthouse, hostel-үүд, тай массажны газрууд,шөнийн цэнгээний газрууд дүүрэн. Өөр сонирхоод байх зүйл байхгүй. Миний хувьд нэг хоноод л энэ хэсэг газраасаа уйдчихсан. Энэ хэсэгтээ байрлаад бусад хэсэгрүү явж үзэхэд тохиромжтой, мөн аялалын багцууд, онгоцны буудалруу хүргэж өгөх үйлчилгээ, гадны жуулчдад зориулсан SIM card,data багцууд зардаг газар зэрэг жуулчдад хэрэгцээт зүйлс бүгд нэг дороо байдаг болохоор анх ирж байгаа аялагчдад тохиромжтой юм билээ.

No comments:

Post a Comment

Around Japan /Taken by me/