Saturday, February 22, 2014

Залуу хүний эрхэмлэх үнэт зүйлс- Мөхөс миний бодлоор :D



              Гадаа цас будран орсоор... Будрах цасан дундуур залуу хүү гэрийн зүг мишээл тодруулан яаран гүйнэ. Түүний зүрх сэтгэлийг юугаар ч сольшгүй нэгэн зүйл булиглуулна. Энэ бол түүний хамгаас хайртай ээж, аав гэр бүлийнхэн бас найз нөхөд.
Харийн нутагт эх орныхоо үзэсгэлэнт сайхныг бардамнан ярих дурай охин эх орноо санан хааяа хааяа нулимс дуслуулна. Заримдаа бүр улсынхаа түүх, тусгаар тогтол, соёл, өв уламжлалаа хамгаалан маргалдаж дотуур байрны найзуудтайгаа ам мурийх нь олонтаа.
Эмнэлэгийн орон дээр хэвтэх охин зөөлөн хаялах цасан ширхэгийг цонхоор ширтэн гунигтайхан хэвтэнэ. Одоо бол түүнд хамгийн үнэтэй зүйл нь хэдхэн хоногийн нас бас ахиад хэзээ ч олдохгүй эрүүл мэнд нь болжээ. Гадаа цас сэтгэл гэгэлзүүлэн орсон хэвээрээ л. Магадгүй энэ цас ч бас хэн нэгний хувьд хамгийн ихээр хайрлаж явдаг зүйл нь ч юм бил үү, хэн мэдлээ.  Гэхдээ....
Мэдээж хүн бүхэн өөрийн гэсэн эрхэмлэдэг зүйлстэй. Эдгээр зүйлс нь залуу хүний гэхээсээ илүү хүмүүний үнэт зүйлст илүү хамаардаг болов уу хэмээн боддог. Эх орон, тусгаар тогтнол, хэдэн мянган жил байгалийн хатуу ширүүнтэй тэмцэж, нүүдэллэж, хатуу бэрхийг туулж даваж ирсэн гень, тэр ухаан Монгол хүний үнэт зүйлс нь байхад ээж аав, найз нөхөд магадгүй бас тэрхүү будран орох цас бол хувь хүний үнэт зүйлс байж болох юм. Харин миний бодлоор залуу хүний хувьд нэг зүйл хамгийн эрхэм үнэт зүйл нь байдаг, байх ч ёстой.
Энэ бол бидэнд өгсөн хэтэрхий богинохон цаг хугацаа, түүндээ багтаан амжуулах тодорхой зорилго, мөрөөдөл, өөрийн гэсэн үзэл баримтлал. 
Залуу хүү хамгаас хайртай эцэг эхийнхээ мөрөөдлийг биелүүлэн сургуулиа төгсөж, сайхан гэр бүлтэй болж, өөрийн хөдөлмөрийн хүчээр үнэнч шударга амьдарч, бас бусдад хүндлэгдэх олон сайхан зүйлсийг хийж бүтээжээ.
Охин хоосон маргаж суухаа больж, чин сэтгэлээсээ эх орныхоо төлөө ажиллах мэдлэг боловсролтой боловсон хүчин болохын төлөө чармайн суралцсаныхаа үр дүнд  одоо улсынхаа түүх соёл, өв уламжлалаа дэлхийн тавцанд таниулан, хамгаалан сурталчилсан мундаг бүсгүй болжээ.
Энэ бол миний бахархал, үнэт зүйлс хэмээн хоосон хашгирч, цээжээ дэлдэж суухын оронд зүгээр л жижгээс эхэл. Өөрөөсөө эхэл. Өөрийгөө үнэл, хайрла, хүндэл. Цагаа дэмий хоосон бүү үр. Залуучууд бидэнд байгаа /магадгүй дөч, тавь, жар хүрчихээд харамсаж суугаа хүмүүс бүхнээ өгөөд ч эргэж олдохгүй / үнэт баялагийг бидний зарим нөхөд тоосон ч шинжгүй хажуугаараа урсган өнгөрөөж байгаа нь үнэхээр эмзэглэмээр...
Аа бас залуу хүн эрх мэдэл албан тушаалд дулдуйдсан зусар зулгуй хандлагыг, энэхэн зуурын ашиг хайсан тооцоотой нөхөрлөлийг, атаархал хорслоо нуун байж хуурамчаар инээх хэврэгхэн үерхлийг, архи дарсанд хөлчүүрхэн байж бие биенээ хөөргөн магтах түр зуурын найзыг эрхэм болгож, хэн нэгэн эрхэмийн үзэл бодлоор өөрийн бодлоо боолгуулж, үнэнч шударга байдал, өөрийн үзэл бодол, үнэт зүйлсээ умартан 60, 70- хан жилийн визтэй ирсэн энэ амьдралаа үрвэл үнэхээр харамсалтай.
Одоогоос бараг таван жилийн өмнө "Бидэнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрээр ганцxан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй" хэмээн Oросын нэгэн зохиолчийн хэлсэн энгийн хэрнээ гайхалтай үгийг уншиж байснаа би хэзээ ч мартдаггүй. Мөн “Залуу хүн өөрийн гэсэн үзэл бодол, зарчимтай байж, улааныг харж урваж, шарыг харж шарвахгүй байх л хэрэгтэй. Тодорхой зарчим, үзэл бодол, үнэт зүйлсгүй хүн өөрийнхөө ч гэсэн үнэ цэнийг алддаг” хэмээн ээж минь үргэлж захидаг.
Монгол залуусын нэгэн жижиг эс болсон миний хувьд ч бидэнд хэзээ ч эргэж олдохгүй цаг хугацаагаа эргээд харахад үр бүтээлтэй, хийсэн зүйлс ихтэй, өөрийн хайрлаж явдаг бүхэндээ үнэ цэнэтэй өнгөрүүлэхийн төлөө хөдөлмөрлөж, бас хичээж явдаг. Өөрийн гэсэн үзэл баримтлал, мөрөөдөлдөө хүрэхэд минь жигүүрлэх зорилго, одоохондоо л хангалттай байгаа цаг хугацаа бол залуу хүний юугаар ч сольшгүй эрхэм нандин үнэт зүйлс хэмээн хувьдаа би ойлгодог.

                                                                                                Л.Мэндбаяр

3 comments:

  1. medeej zaluu nnas hamgiin chuhal zui;

    ReplyDelete
  2. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  3. залуу насандаа ихийг хийх хэрэгтэй

    ReplyDelete

Around Japan /Taken by me/